Авлигал уу, Авлига уу?

2012 оны 11 сарын 05

 

Шунан ховдоглох сэтгэлийн эрхээр бусдаас ёс бусаар авсан эд зүйлийг заан нэрлэсэн “авлигал” гэдэг үг нэгэн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэн бүхний хэл ярианд уяатай байв. Чухамдаа ийм нэр үг монгол хэлний үгийн санд байхгүй, бүтцийн хувьд буруу бөгөөд зөв хэлбэр нь “авлига” юм. Монгол хэлэнд нэр үгээс үйл үүсгэх дагавар байхаас бус нэрээс нэр үүсгэдэг дагавар байдаггүй.

 

1983 онд хэвлэгдсэн “Монгол үсгийн дүрмийн толь”-д үйл үндсийн хойно зурдас тавиагүй байдаг бөгөөд уг толийн 14-р талд “авлигал (хээл хахууль авах)” хэмээн бичсэнийг “авлигал” гэсэн нэр үг байгаагаар ухааран хэрэглэж, улмаар эдүгээ нийтээр монгол хэлний авлигал(ах) гэдэг үйл үгийн үндсийг нэр үг мэтээр эндүүрэх болжээ. Хэрэв тэр толь бичигт “авлигал-” хэмээн үйл үгийн үндэс болохыг заасан зурдастай бичсэн бол энэ эндүүрэл гарахгүй байсан буй заа.

 

 “Авлига” гэдэг үгийн утгын түүхэн хувьслыг нэхэн үзэхэд бас сонирхолтой. 13-р зууны үеийн монгол хэлнээ хаан эзний өмнөөс дайн тулаанд орж, амь эрсэдсэн эрэлхэг баатрын үр хойчис, өнчин хоцрогсдод олгох түгээл хишгийг “өнчидийн авлига” гэдэг байжээ. Тухайлбал: “Монголын Нууц Товчоон”-ы 218-р зүйлд “...Бас Чингис хаан Цагаангоогийн хөвгүүн Нарийнтоорилд өгүүлрүүн: Эцэг чинь Цагаангоо миний өмнө хичээж хатгалдах болон Далан балжуудад хатгалдахуйд Жамухад алагдлаа. Өдгөө Тоорил эцгийнхээ тус өнчидийн авлига автугай...” хэмээсэн буй. Энэ талаар “Монголын Нууц Товчоон”-ы 185, 217, 218-р зүйлээс лавлан үзнэ үү.

 

Аливаа хэлний түүхэн хөгжлийн явцад үгийн утга хувьсан өөрчлөгддөг зүй тогтлоор угтаа буяны өглөгийг авах утгатай байсан “авлига” хэмээх үг нь хээл хахууль авах гэсэн утгыг илтгэх болжээ. Энэ мэт монгол бичгийн хэлнийхээ уугуул үгийг сэргээн хэрэглэж байгаа нь сайшаалтай бөгөөд гагцхүү зөв хэлбэрээр нь хэвшүүлбэл зохино. Уг нэр үндсээс авлигад шунан дурлагч этгээдийг заасан авлигач, авлига авах үйлийг заасан авлигал- зэрэг үндэс үүссэн байна.

 

Мөн авлага гэсэн нэр үг буй. Авлига, авлага нь хоёулаа ав- гэсэн үйл язгуурт нэр бүтээх дагавар залгаж бүтсэн нэрлэлт. Утгын хувьд бусдаас авах ёсгүй зүйл буюу угтаа хээл хахууль авахыг заасан нэрлэлт нь авлига, авах ёстой эд зүйлийг заасан нь авлага болох мэт.

 

Хэлшинжлэлийн ухааны доктор Д. Заяабаатар

Уншигдсан: 10780   |   Буцах