Монгол бичиг - Монгол түмний өв

2012 оны 12 сарын 18

Монголчуудын бичгийн соёлын түүхийг үзвээс, арав орчим бичиг үсэг хэрэглэж иржээ. Тэдгээрийн охь манлай хэмээвээс "монгол бичиг" болъюу. Учир нь, тэдгээр бичиг үсэгтэй харьцуулахад, монгол бичиг зуун зуун дамжин хэрэглэгдсэн цаг хугацаагаараа, олон үеийн өвөг дээдсийн эрдэм соёлыг түгээсэн хүрээ цараагаараа, олон монгол туургатан нийдэм хэрэглэсэн орон зайгаараа эрхгүй онцгойрдог. Тиймийн тул, лавтайяа мянга илүү жилийн өмнөх "эртний" бичгийг өнөөгийн хүн зон ер нийтээр сурахыг чухалчлан буй нь цаг цагийн амьсгалыг даван шалгарсан монгол бичгийн чадал хүчинд оршино. Үүний учрыг монгол бичгийн үүсэл гарал хийгээд онцлог гэсэн дэд сэдвээр, эрдэмтэн судлаачдын бүтээлд шүтэн өгүүлье.

 

Монгол бичгийн үүсэл гарал

Монгол бичиг нь Арамей гаралтай Согд бичгээс үүсэлтэй. Харин авч хэрэглэсэн цаг хугацааны талаар эрдэмтдийн санал хоёр зүйл буй.

Нэгд, европ зүгийн эрдэмтэд их төлөв XIII зуунд Монголчууд Уйгуруудаас согд гаралтай бичгийг нь дам авсан гэж үздэг.

Хоёрт, монгол бичгийн хэлний онцлог, түүхэн баримт, дурсгал бичиг сэлтэд тулгуурлан XIII зуунаас бүр өмнө, Монгол, Уйгур хоёр Согдоос нэгэн зэрэг авсан гэж үздэг.

 

Эхний саналын гол үүтгэл нь монгол бичгийн гаралтай холбоо бүхий хоёр домог гэж хэлж болно. Нэг нь, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон "Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани" хэмээх хэл зүйн бичигт "...Тэр цагт Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан, 1182-1251) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам (бясалгал) барьж, эрт манагар (өглөө эрт) бэлгэлэхүйд, нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдэргэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой" гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн, Саж Бандид монгол үсгийг анх зохиосон бус, харин 1243 онд монгол бичгийн хэлний авиазүйн бүтээл буюу анхны зүрхэн толт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ.

 

Хоёр дахь нь, "Юань улсын судар"-ын 124-р боть дахь Уйгур түшмэл Тататунгатай холбогдсон домог юм. Тэнд өгүүлэхдээ, "Чингис өрнөш дайлж, Найман улс эвдрэхүйд Тататунга тамгыг авч дайжаад баригдав. Чингис хаан ухавчлан асууруун, "Даяны иргэд нутаг цөм миний болсон бөгөөтөл чи бээр тамга өвөрлөн хааш эчмүй" хэмээхэд, тэрбээр "Түшмэлийн тушаал болой. Үхтэл сахиж угийн эзэнд өгсү хэмээмүй. Ямар аймшиггүй өөрийг сэтгэх аж" хэмээжүхүй. Хаан зарлиг болж, "Шударга элбэрэлт хүн ажгуу" хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас, "Амуу цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх, аливаа үйлд хэрэглэж итгэмж болгомуй" хэмээсэнд хаан таалж шадар болгожухуй. Түүнээс хойш засаг зарлага тэргүүтэнд тамга хэрэглэн үүсгэж мөн түүгээр захируулав. Хаан "Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмүй" гэхэд, Тататунга сурснаа өчсөн нь зарлигт нийлэлцсэн тул даруй хөвгүүд, дүү нарт уйгур үсгээр улсын хэлийг тэмдэглэхийг сургагтун хэмээн захив" гэсэн байдаг. Чингис хаан Найманыг 1204 онд эзэлж авсан нь үнэн. Харин энэ үед монголчууд бичиг үсэгтэй болсон хэрэг огт бус бөгөөд монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн, Чингис хаан өөрийн эзэнт улсын хэрэгцээнд ихээхэн боловсорсон утга зохиолын хэлийг авч ашигласан буюу монголын зарим аймагт хэрэглэж байсан бичгийг эзэнт улсынхаа хүрээнд хэрэглэжээ.

Үүгээр үзвэл, хоёр домог хоёул монгол бичгийг XIII зуунд анх авсан гэж үзэхэд хангалттай баримт болж чадахгүй аж.

 

Цааш лавталбал, эхний саналыг дэмжье гэхэд бичиг үсэг гэдэг анх зохиож буй үеийнхээ хэлний байдлыг тусгасан байх учиртай. Гэтэл, монгол бичгийн хэлний онцлогийг үзэхэд, XIII зууны үеийн буюу Дундад үеийн монгол хэлний онцлогийг тусгаагүй, түүнээс түрүү буюу Эртний монгол хэлний харьцангуй сүүл үеийн онцлогийг тусгасан ажээ. Жишээ нь, орчин цагийн монгол хэлний урт эгшиг бол эртний "эгшиг-гийгүүлэгч-эгшиг" гэсэн бүтцээс гийгүүлэгч нь сугарч, хоёр эгшиг нь ижилссэний дүнд бүтсэн хэлний хөгжлийн үр дүн юм. Үлгэрлэвэл, одоогийн "уул (ус)" гэдгийг монгол бичгээр "а-г-у-ла" (ᠠᠭᠤᠯᠠ) гэж уугал хэлбэрээр нь бичдэг бол, дундад үеийн монгол хэлний баримтыг тэмдэглэсэн дөрвөлжин бичгийн дурсгалд "а-у-ла" гэж бичдэг. Тиймээс, согд гаралтай бичгийг авсан нь магад XIII зуун бус гэдгийг бичиг өөрөө толь мэт харуулдаг.

Бас нэгэн зүйл, Ц. Шагдарсүрэнгийн тэмдэглэсэнчлэн, XIII зууны үед Согд болон Уйгурууд лалын шашинд орсноор, үндэсний бичгээ хэдийнээ сольж араб бичигт шилжсэн байсан. Тэгвэл, бусдын хэдэн зууны өмнө орхисон бичгийг Монголчууд авсан гэдэгт эрхгүй эргэлзээ төрнө. Хэрэвзээ монгол, уйгур хоёр согд бичгийг зэрэг авсан гэхүл, Уйгурууд согд бичгийг хэдийд авсан бэ? гэдэг асуултын хариутай ч холбогдоно. Судалгаанаас үзвэл, Уйгурууд согд бичгийг V зууны үед авсан гэх баримт буй. Иймээс, XIII зуунаас өмнө авч хэрэглэсэн гэх сүүлийн үзлийг олонх зөвшөөрдөг.

 

Товчлон өгүүлсэн дээрх үндэслэлд тулгуурлан, монгол бичгийг мянга давсан жилийн түүхтэй хэмээн үзэж буй юм.

 

Монгол бичгийн онцлог

 

Монгол бичиг он цагийн уртад монгол түмний оршихуйн нэгэн бэлгэдэл болон уламжилсан нь түүний монгол хэлэндээ, монгол хүнийхээ хэрэглээнд тохирсон онцлогтой нягт холбоотой юм. Тэдгээрийг тоймловоос,

 

1. Үсэгзүйн хувьд, а/э, o/у, ө/ү, д/т, х/г, ж/й(я) зэрэг монгол хэлнээ харилцан сэлгэдэг авиануудыг нэг үсгээр тэмдэглэсэн нь нутаг, нутгийн хүн өөр өөрийнхөөрөө унших боломжийг бүрдүүлж, олон нутгийн аялгуугаар хэлэлцэгчид уншаад нэгдмэл ойлголт авах тэгш бололцоог хангадаг. Жишээ нь, ᠳᠣᠰᠤ гэж бичсэнийг хараад, тос, дос гэж уншиж болно. ᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ гэж бичсэнийг ар монголчууд агуулга гэж, өвөр монголчууд уулга гэж унших ч, уг юмны утгыг нэг л байдлаар нь ойлгох юм.

 

2. Зөв бичихзүйн талаас, монгол хэлний авиазүй, үг бүтэх ёсон, үгийн хэлбэр тэргүүтнийг ямар нэгэн гажилтгүй маш нарийн тусгажээ. Өөрөөр хэлбэл, монгол хэлний үе бүтэх загвар нь эгшиг, эгшиг-гийгүүлэгч, гийгүүлэгч-эгшиг, гийгүүлэгч-эгшиг-гийгүүлэгч гэсэн дөрвөн үеэс бүтдэг. Энэ үеийн тогтолцоог монгол бичигт яг янзаар нь тусгадаг. Мөн монгол хэл маань дэлхийн олон хэлийг ангилах зарчмаар, гарлын хувьд алтай язгуурын, хэв шинжийн талаар, залгамал бүлэгт багтана. Энэ нь үгийн язгуур байхад, түүний араас шинэ үг бүтээдэг дагавар, дараа нь нөхцөл гэсэн дэсээрээ залган ордог гэсэн үг юм. Ийм хэлэнд үг зүйн зарчмыг голлон барьсан бичиг тохирдог. Тэр ёсыг монгол бичгийн зөв бичихзүйн дүрэм баримталдаг учраас, язгуур, дагавар, нөхцөл ямар хэлбэртэй байдаг, түүнийг хадгалан, ар араас нь залган бичдэг. Өөрөөр хэлбэл, авиан зүйн зарчмыг голлосон кирилл бичгээр барилга, эмнэлэг, мэдлэг, бодлого, урилга хэмээн бичдэг бол монгол бичгээр эдгээр үгсийн язгуурт залгаж буй "-лга, лгэ" (ᠯᠭ᠎ᠠ᠂ ᠯᠭᠡ) дагаврын хэлбэрийг тэр л хэвээр хадгалснаар, бари - барилга ( ᠪᠠᠷᠢᠯᠭ᠎ᠠ), эмнэ - эмнэлгэ (ᠡᠮᠨᠡᠯᠭᠡ), мэдэ – мэдэлгэ (ᠮᠡᠳᠡᠯᠭᠡ), тата - таталга (ᠲᠠᠲᠠᠯᠭ᠎ᠠ), боду - бодулга (ᠪᠣᠳᠤᠯᠭ᠎ᠠ), ури - урилга (ᠤᠷᠢᠯᠭ᠎ᠠ) гэж үгийн бүтцийг тогтвортой хадгалан бичдэг.

Жич, ийм дүрэм нь орчин үеийн цахим хэрэгсэлд монгол бичгийг боловсруулах тооцооллын загварт хүртэл нэн тохиромжтой байдгийг дурдъя.

 

3. Зуун дамнан монгол соёлыг тээснээрээ, монгол хэлний мэдлэг, монгол хүний сэтгэхүйг тэтгэх эх сурвалж болдог. Жишээ нь, монгол хэлний хөрөө, хутга, хил, хязгаар, хялгас, хядах ... гэх зэрэг үгийг кирилл бичлэгээр нь нэг язгууртай гэж үзэхэд хэцүү. Харин монгол бичгээр хөрөө - хирүгэ (ᠬᠢᠷᠤᠭᠡ), хутга – хитуг-а (ᠬᠢᠲᠤᠭ᠎ᠠ), хил – хили (ᠬᠢᠯᠢ), хязгаар – хижагар (ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ), хядах - хидуху (ᠬᠢᠳᠤᠬᠤ) гэж бичдэг бөгөөд бүгд "хи-" язгуураас гаралтай, тэр нь хэрчих, таслах, огтлох... гэсэн нийтлэг утгатайг мэдэж болно.

Бас, монгол бичгээр уламжилсан үе үеийн зохиол бүтээлээс суралцаж болохын өөр нэгэн жишээнд, аливаа зүйлд нэвтэрхий сайныг илэрхийлсэн утгатай төгс хэмээх үгийг авъя. Хураангуй алтан товч, Лувсанданзаны Алтан товч, Саган Сэцэний Эрдэнийн товч зэрэг монголын олонх түүхэн сурвалжид, Батмөнх даян хаан хийгээд Мандухай сэцэн хатанд долоон нуган үр (хүү) заяаж, түүнээс Төрболд, Улсболд хоёр төгс, Арсуболд, Барсуболд хоёр төгс, Очирболд, Алчуболд хоёр төгс үзэгдэж, тэдний хойно Албуур үзэгдсэн хэмээдэг. Эндээс, төрсөн ихэр хүүхдийг төгс хэмээн нэрийддэгийг мэдэж болно. Түүнчлэн, тэгш тоот сарыг (хоёр, дөрөв, зургаа, найм, арав, арван хоёрдугаар сар) "төгс сар", төрүүлсэн эцэг эхийг "төгс ураг" хэмээдэг.

 

4. Гадаад үг, нэр томьёог тэмдэглэх тусгай үсгүүд, бие даасан галиг үсгийн тогтолцоотой болохоор, бусад хэлний үг хэллэгийг тэмдэглэж, олон улстай саадгүй харилцах боломж бүрдсэн.

 

5. Хүний хэрэглээний төрөл бүрийн орчин нөхцөлд нэн таатай тохирох олон зүйлийн бичгийн тигтэй байдаг. Жишээлбэл, үсгийн махбодуудыг хэмнэж, таталган бичдэгээрээ, богино хугацаанд "их мэдээлэл"-ийг түргэн бичих давуу талтай. Дөрвөлжилж болон угалзлан эвхэх эвхмэл тиг, уран бичлэг гээд гоёл чимэглэл, бэлэг дурсгал, тамга захирлага, ур хийцийн элдэв зүйлд хэрэглэхэд тохирсон үсгийн олон тиг нь загвар үзэмжийн уян хатан шийдэл болдог.

 

Дурдсан бүхнээр үзвэл, монгол хүн монголоороо аж төрөх, монгол улс тусгаар орших, ирээдүйн боловсролтой монгол иргэнийг хүмүүжүүлэхэд монгол бичгийн мэдлэг тун чухал ажээ.

 

Монгол Улсын Их Сургуулийн Эхбичиг-Алтай судлалын тэнхимийн

дэд профессор, доктор Э. Мөнх-Учрал

 

Тус өгүүллийг ШУА-ийн ХЗХ-ээс эрхлэн гаргаж буй "Эх хэл бичиг" сэтгүүлийн 2012 оны №1-ээс авав.

Уншигдсан: 24310   |   Буцах