Барилдсан байгаа, барилдаж байгаа, барилдах байгаа

2013 оны 01 сарын 07

 

           Сүүлийн үед ялангуяа залуучуудын өдөр тутмын ярианы хэлэнд ийм төгсгөлтэй өгүүлбэрийг их хэрэглэх болжээ. Энэхүү “байгаа” гэдэг үг нь үйлт нэрийн одоо цагаар хувилсан туслах үйл үг юм. Тиймээс одоо үргэлжилж байгаа цаг заасан тохиодолд монгол хэлнээ биеэ даасан үйл үгийн араас туслах үйл үгийн үүргээр орж, өгүүлбэр төгсгөж болно. Жишээлбэл, “манай улс хөгжиж байгаа”, “манай хүү өдөр бүр утсаар ярьж байгаа” гэх мэт. Харин өнгөрсөн ба ирээдүй цагт үйл үгийн араас ордоггүй дүрэмтэй. Учир зүйн үүднээс ч ийм байж болохгүй. Бид “өчигдөр ахыгаа тосож авсан байгаа”, “маргааш ахыгаа тосож авах байгаа” гэж ярьдаггүй биз дээ. Зүй нь: “…тосож авсан, … тосож авна” гэдэг шүү дээ. Ер нь монгол хэлээр сайн найруулан бичихэд, юуг баримжаа болгох вэ гэвэл монгол хүн монголоороо сэтгэн хэлж, ярьж, бичиж ирсэн зүй тогтлыг л дагана гэсэн үг. Энэ нь аль ч хэлний тухайд адил юм. Монгол хэлний найруулгад нэг язгуурт үг, мөн ижил үеэр эхэлсэн үгсийг нэг доор олон давтахаас зайлсхийдэг ёстой. Гэтэл  “…байж байсан…, …байсан байдаг…, байсан байгаа юм” гэх мэтээр ярьж бичиж байгааг анхаарууштай юм.

            Хэл, соёлоо эрхэмлэх бол зөвхөн мэргэжлийн хүмүүс төдийгүй манай нийт иргэдийн заавал баримтлах ёстой үүрэг билээ. Адаглаад энэ мэт буруу хэвшсэн, хэвшиж байгаа зүйлийн залруулгыг элдэв тайлбаргүйгээр хүлээн авч, нийтээрээ залруулбал эх хэл, утга соёлоо хадгалах, хойч үедээ уламжлуулах хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. 

 

Хэлшинжлэлийн ухааны доктор Б. Даваасүрэн

 

Уншигдсан: 27677   |   Буцах