Сорил уу? Сорилго уу?

2012 оны 11 сарын 05

 

Аливаа хэлний үг бүтэх ёс гэдэг нь хэн ч зоригоор өөрчилж үл болох зүй тогтол байдаг билээ. Үг бүтэх ёс нь тухайн үндэстэн угсаатны хэл сэтгэхүйн өвөрмөц шинж төрхийг хадгалсан тун нарийн бүтэц бүрэлдэхүүнтэй үгийн сан утга зүй, найруулга зүйн өнгө ялгамжтай байдаг.

 

Монгол хэлний тухайд үг бүтэх ёс нь ихэд цэгцэрсэн зүй тогтолтой юм. Сүүлийн үед янз бүрийн мэдлэг ухааны өдий төдий ухагдахуун ойлголтыг заасан харь хэлний үгийг зөв оноон орчуулах үйл тулгам шаардлага болжээ. Монгол хэлний тухайд, шинэ үг бүтээх боломж нь нэн арвин бөгөөд гагцхүү эх хэлнийхээ үг бүтэх ёсыг сайтар ухаарч, нэр томъёог орчуулж ирсэн уламжлал шинэчлэлийг зөв хослуулах нь чухал байна.

 

            “Тест” хэмээх үгийг сорил, сорилго хэмээсэн хоёр зүйлээр орчуулан хэрэглэж байна. Энэ хоёрын аль нь оновчтой вэ, аль нь монгол хэлний үг бүтэх ёсонд нийцэх вэ гэдэг талаар саналаа нэмэрлэе.

Сорил, сорилго гэдэг хоёр үгийн бүтэц нь “сорь-” хэмээсэн үйл үгийн үндсэнд үйлээс нэр үг бүтээдэг -л болон –лга4 гэсэн дагаврыг залгаж бүтжээ. Монгол хэлний үг бүтэх ёсны загварын тухайд өмнөх үгст алдсан зүйл үгүй. Учир нь “бод+л=>бодол”, “сана+л=>санал” гэх буюу “бод+лго=>бодлого”, “турш+лга=>туршлага” гэх мэтээр эдгээр үг бүтэх загварын аль аль нь идэвхтэй хэрэглэгдэж байна. Тийн аваас, гол ялгаа нь тухайн хоёр дагавраар бүтсэн үгийн утгын ялгаварт л байх учиртай. Энэхүү хоёр дагавраар бүтсэн үгсийг жагсаан үзье. Монгол хэлний үг бүтээх загвар, зүй тогтлыг сайн мэдье хэмээвээс, монгол бичгийн зөв бичих дүрмээр бичиж харах хэрэгтэй тул хаалтад монгол бичгээр хэрхэн бичихийг галиглан хавсаргав.  

үз+л(үзэ+л), үз+лэг(үзэ+лгэ) 

бод+л(бодо+л), бод+лого(бодо+лго)

турш+л(турши+л), турш+лга(турши+лга)

өгүүл+л(өгүлэ+л), өгүүл+лэг(өгүлэ+лгэ)

мэд+л(мэдэ+л), мэд+лэг(мэдэ+лгэ)

сэтгэ+л(сэдхи+л), сэтгэ+лгэ(сэдхи+лгэ)

дад+л(дад+л), дад+лга(дад/у/+лга)

 

Өмнөх жишээг ажиглавал, бод-, үз-, турш-, өгүүл-, мэд-, сэтгэ-, дад-хэмээсэн үйл үгийн араас нэр үг бүтээх –л дагавар залгавал бодол, үзэл, туршил, өгүүлэл, мэдэл, сэтгэл, дадал гэсэн хийсвэр, ерөнхий утгатай нэр үгс бүтдэг. Харин дээрх үйл үгийн араас мөн л нэр үг бүтээх үүрэгтэй –лга4 залгавал бодлого (монгол бичгийн зөв бичилгийг үндэс болговол, зүй нь бодолго гэж бичих ёстой юм), үзлэг, туршлага, өгүүллэг, мэдлэг, сэтгэлгээ/ярианы хэлний нөлөөгөөр эцсийн эгшгийг уртаар дуудах болжээ/, дадлага гэх зэрэг бодот, тодорхой зүйлийг заасан  утгатай үг бүтдэгээрээ ялгаатай.

 Иймээс “тест” гэдэг нь нэгэнтээ нүдээр үзэж, гараар барьж болох бодож боловсруулчихсан бодтой зүйл байдаг учир монголоор “сорилго” хэмээвэл зохино.     

 

МУИС-ийн профессор, ШУ-ны доктор Ш.Чоймаа

Уншигдсан: 7896   |   Буцах