Дахилт, давталт, даамжралт…

2012 оны 12 сарын 15

             Ерөөс аливаа юмыг зохисон зохиогүйг үл хайхран, олонтоо хэрэглэхийг таашаадаггүй. Үнэ ихтэй ч донж маягийг тааруулаагүй хувцас нь өмссөн эзнээ тохуу болгож, нуршуу ярианд сонсох тэвчээр алдарч, бичиг зохиолд нэг үг ахин дахин тохиолдсоноор найруулга сулардаг гэм бийг хэн бүхэн лавтай мэднэ. Ийн өгүүлэхийн учир сүүлийн үест, тухайн үйлийн явц байдлыг заасан утгатай нэр үгийг голчлон бүтээдэг “-лт” дагаврыг өөрийн нь үг бүтээх чадамжаас хэтрүүлэн хэрэглэж буйг дурдахын тулд билээ.

 

Бид мэргэжлийн буюу албан ёсны байдалтай болох гэхлээрээ ч юм уу, энэтхэг-европ хэлний нэр үйлийн холбоо үгийг махчлан орчуулахдаа “-лт” дагавраа “чөдрийн ганц” морь шиг байнга хэрэглэдгээс жишээ авбал, “хувийн мөрдөлт, хамгаалалтын тухай хуулийн төсөл, бага зэрэг өвдөлт үүсгэж болно, доргилт авсан тохиолдолд, тууралт гарах, үүргийн зааглалт хязгаарлагдмал, бурхны хүү амлалт хийгдэж байх үед, урьдчилсан уншилт хийх, хардалт үүсгэх вий, эрчим хүчний хэмнэлт гаргах төсөл, нийлүүлэлт хийх журам, бичиг баримтын бүрдүүлэлт хийх, хяналт тавих үүрэгтэй, хайлт хийгдэж байна” гэх мэт нэн олныг жагсаан бичиж болно.

 

Уг нь “хувийн мөрдлөг, хамгааллын тухай хууль, бага зэрэг өвдөж магадгүй, доргисон үед, туурах, үүргийн зааг, амлах үед, унших, хардах вий, эрчим хүч хэмнэх төсөл, нийлүүлэх журам, бичиг баримт бүрдүүлэх, хянах үүрэгтэй, хайж байна” гэхэд л болчихмоор.

 

Яв явсаар, өглөөний босолтыг 07 цагт хийгээд, ажилд очилтонд бэлтгээд, 09 цагт ирэлтээ бүртгүүлээд ажилдаа орно. Завсарлалт болоход өдрийн хооллолтонд явж ирээд, ажил үргэлжлүүлэлт болно. Ажил таралтын дараа гэртээ харилт гэсэн хувиартай болтлоо даамжирвал…

 

Иймэрхүү албархал, хуулбар орчуулга газар аваад, муухан орчуулагч ташуур нэмээд байвал арвин баялаг үгийн сантай, үг бүтээх олон арга хэрэглүүртэй монгол хэлээ ашиглаж мэдэхгүй, тулга тойрсон хэдэн үгэндээ эргэлдсээр “алт сандайлсан гуйлгачин” болох вий гэж эмээнэ.

 

Бас, энэ “лт” дагавартай үгийг “шалгалтанд бэлдэх, цохилтонд өртөх, жагсаалтнаас хасах, ашиглалтанд орох” гэх зэргээр буруу бичих нь бараг хэвших маягтай болжээ. Кирилл үсгийн дүрмээр, “-лт” дагавраар төгссөн үгэнд нөхцөл залгахдаа “-н” жийрэглэлгүй,  шалгалтын, өөрчлөлтийн, шалгалтад, өөрчлөлтөд, шалгалтыг, өөрчлөлтийг, шалгалтаас, өөрчлөлтөөс, шалтгалтаар, өөрчлөлтөөр гэж бичих ёстойг анхаарахад илүүдэхгүй болов уу.

Монгол түмний саруул оюун болгоох буй за.                                                   

 

Учрал

Уншигдсан: 10260   |   Буцах