Хол газар яваар одогсод?

2012 оны 11 сарын 05

 

Үйл үгийг үйл үгтэй холбох “ –аар,-ээр,-оор,-өөр” нөхцөл нь үйлийн зорилгыг заана. Жишээлбэл, “алс газар сураар одох” гэвэл алс нутагт сурахын тулд одох гэсэн санаа. Гэтэл “яваар одох” буюу “явахын тулд одох” гэдэг холбоо үгийг юу гэж ойлгох вэ?  “явах” гэдэг үгэнд “зайлах, дутаах” ч юм уу,  ямар нэг өөр далд утга шингээгээгүй л бол учир шалтгааны алдаатай үг болох нь илт. Телевизээр нэг хэсэг гарч байсан зар сурталчилгаанд “чанар гэж чансаа” хэмээн  ойролцоо утгат хоёр үгийн нэгийг нь нөгөөгөөр нь тодорхойлдог байсан. Энэ мэтийн алдааг давталтын алдаа гэдэг.

 

Манайхны өдөр тутмын зурхайд “хол газар яваар одогсод тийш мөрөө гарга” гэж бичсээр байна. “Одогсод” гэдэг үгийн хэлбэр бол өнгөрсөн цагийг заана. Одсон хүн гэвэл ганц тоо, одогсод буюу одсон хүмүүс гэвэл олон тоот хэлбэр. Тэгэхээр бид зурхай уншаад зүй нь, хэрвээ хол газар одох бол зорьсон газраа хүрснийхээ дараа тэндээ мөрөө гаргана гэж ойлгох ёстой ажээ. Гэвч өргөн олон маань наад захын зурхай мэддэг тулдаа явахаасаа өмнө мөрөө гарга гэх гээд байгааг нь эрхбиш мэдэж, залруулан ойлгодог ажээ.

 

Түүнээс гадна дээрх өгүүлбэрт “газар” гэдэг үг ч илүүц юм. Иймд, “Хол газар яваар одогсод тийш мөрөө гарга” гэдэг өгүүлбэрт лавтай гурван зүйлийн алдаа буйг залруулан “Хол явах хүн тийш мөрөө гарга” гэж бичиж байх нь зүйтэй биш үү.

Хэлбичгийн ухааны доктор М. Баярсайхан

Уншигдсан: 7564   |   Буцах